Гадаад хэл суралцагчдад зориулсан мэдүүштэй сайтууд

DUOLINGO

Яг одоо интернетэд нээлттэй байгаа хэл сурах хамгийн шилдэг веб + апп. Хэзээд үнэгүй байхаа амласан Duolingo хэрэглэхэд амар байдал, сонирхолтой шийдлүүдээрээ ялгардаг. Та өөрийн цуглуулсан оноогоор найзуудтайгаа өрсөлдөж, "амь"-аа алдахгүйн тулд шамдан суралцах болно. Хэрвээ та хүсвэл өөрийн тохируулсан цагт, өөрийн хурдад тааруулан зорилгоо тодорхойлж, урьдчилан бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу ч хичээлээ үзэж болно. Хамгийн сонирхолтой нь цаг үетэй холбоотой контент орчуулах, ярих, бичих даалгавар хийх зэрэг нэмэлтүүдтэй. 100 сая хэрэглэгчийн босгыг аль хэдийнэ давчихаад буй тэдэнд 2013 оноос хойш авч үзээгүй шагнал үлдээгүй гэж хэлэхэд буруудахгүй.



НЭВТРЭХ: Duolingo.com

BBC LANGUAGE

Дэлхийн шилдэг медиа компаниудын нэг танд хэл сурах үнэгүй боломжийг олгож байна. Хэдийгээр хөгжүүлэлт хийхээ зогсоосон ч BBC-ийн архиваас та 41 хэлийг видео болон дүрмийн хичээлээр дамжуулан үзэх боломжтой. Мэдээж тэд өөрсдийн давуу тал болох мэдээний контентоор дамжуулан тухайн хэлний түүх, үгийн утга санаа зэргийг нэн сонирхолтой байдлаар заах болно. Guide To хэсэг танд сурч буй хэлнийхээ талаар үндсэн мэдлэгийг олж авах боломжийг олгоно. Аяллаар явж буй хүмүүст зориулсан "хэллэг"-үүд нь их зүгээр. Өөр сайтууд, өөр төвүүдээр дамжуулж хэл сурч байгаа хүмүүс ч гэсэн сул цагаараа сургалтын бичлэг, сонирхолтой контентуудыг нь үзвэл сайн. Англи, испани, герман, франц зэрэг зургаан хэлний 12 долоо хоногийн курсийг нь сонирхоод үзээрэй.



НЭВТРЭХ: BBC Language

BUSUU

Интерактив хэлбэрээр хэл заах олон сайтуудаас магадгүй Busuu хамгийн цогц бөгөөд хамгийн ухаалаг шийдэлтэй нь байх. Та унших, сонсох, бичих, ярих гэсэн үндсэн чадваруудыг тест өгөх, мэдлэг шалгах замаар хөгжүүлэх боломжтойгоос гадна бусад сайтуудтай харьцуулбал дүрмийн маш сайн хичээлүүдтэй гэдгээрээ тэд ялгардаг. Нэг ёсондоо арай ахисан түвшиндээ энэ сайтыг ашиглавал илүү хүртээмжтэй гэж хэлж болно. Нийт 12 хэл сурах боломжтой бөгөөд төлбөр нэмж төлснөөр та Busuu-ийн хэлний шалгалтыг өгөн сертификат авах, явцын шалгалтуудад оролцох, бизнесийн англи хэлний хичээлд суух зэрэг нэмэлт боломжуудыг хүлээн авах боломжтой.



НЭВТРЭХ: Busuu.com

LIVEMOCHA

Интернет хүчээ аваагүй байх үед хэл сурах програмуудаараа дэлхийг шуугиулж байсан Rosetta Stone-ийн онлайн талбар Livemocha магадгүй хамгийн дутуу үнэлэгдсэн хэлний сайт байх. Жаахан болхи дизайныг нь эс тооцвол сургалтын материал нь бусад юунаас ч дутахгүй. 6 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй энэ сайтанд бүртгүүлэн та өөрийн түвшний сургалтын материалуудыг үнэгүй хүлээж авах боломжтойгоос гадна "хамтрагч"-даа сонгож, тэдэнтэй хамт суралцах боломжтой. Цагийн хуваарьтаа тааруулан гадаад багштай, гадаад суралцагчидтай онлайн хичээлд суухаас гадна форумуудаар дамжин бусад суралцагчидтай хэлэлцүүлэг үүсгэн, хэлний чадвараа хөгжүүлэхийг тэд санал болгодог. Нэг асуудал нь та өөрийн цуглуулсан оноогоороо хичээл үзнэ. Танд дөнгөж бүртгүүлэнгүүт хангалттай их оноо өгөхөөс гадна төрөлх болон мэддэг хэлнийхээ хичээлүүд дээр санал өгөх, хувь нэмрээ оруулах, хүмүүст зааж зөвлөх, форумд идэвхтэй оролцох тохиолдолд оноо нэмж өгдөг юм.


НЭВТРЭХ: Livemocha.com

SKRITTER

Япон юм уу хятад хэл сурч буй суралцагчдад зориулсан сайт. Англи гэх мэтийн бусад олон хэлтэй харьцуулахад бичлэг нь өөр буюу ханзаар бичигддэг энэ хэлүүдийг онлайнаар сурах их хэцүү байдаг ч Skritter энэ асуудлыг шийдэж чаджээ. Тэд ханз бичлэгийн сургалт, түүний зурлагын дарааллыг интерактив байдлаар заахаас гадна хамгийн түгээмэл хэрэглэгддэг 263 ном, сурах бичиг, мөн гишүүдийнх нь өөрсдийнх нь бэлтгэсэн, хэрэглээгээр нь ангилсан 3000 үгсийн жагсаалтыг танд санал болгоно. Мөн ханз нэг бүрийн утга санааг тайлбарлаж, өгүүлбэрийн жишээ, унших текстүүдээр хангах болно. Гэхдээ энэ сайт үнэгүй биш. Сард 15 доллар төлөөд энэ бүгдийг авах боломжтой. Муугүй санал шүү.



НЭВТРЭХ: Skritter.com
Share on Google Plus

About Anim S usku

0 comments:

Post a Comment